”Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГазар хоёр давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан  автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг хангасан байна.

Энэ талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмонгоос тодруулахад эхний ээлжинд давхар автобус 10 ширхэг, дан автобус 36 ширхэг энэ 6 сардаа багтаан оруулж ирэн үйлчилгээнд явуулахаар төлөвлөлж байна. Давхар автобусны нэг бүрийн өртөг нь одоогийн валютын ханшаар тооцвол 560 сая төгрөг, дан автобусны нэг бүрийн өртөг нь 400 гаруй сая төгрөг ба санхүүжилтийн урьдчилгаа 20%-ийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80%-ийг Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн 6 жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр авахаар гэрээ хийгдсэн гэв.

Давхар, дан автобуснууд бүгд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 100% цахилгаан, давхар автобусны хувьд 70 хүний багтаамжтай, 4.2 метр өндөр,  манай орны орчин нөхцөл, цаг уурын онцлогт тохирсон, замын хөдөлгөөнд саад учруулахгүй зэрэг нь туршилтаар баталгаажсан, нэг удаагийн цэнэглэлтээр 15-18 цаг явах боломжтой, автобус үйлчилгээний тарифын хувьд одоогийн мөрдөгдөж байгаа буюу 500 төгрөгөөр иргэдэд үйлчилнэ хэмээн албаныхан мэдээлэв.

Эх сурвалж: “Сити Баз Консалтинг” ХХК