Нийслэлийн нийтийн тээврийн Сити Баз Консалтинг ХХК, Улаанбаатар Смарт карт ХХК нарын хамтарсан зорчигчийн хөлс төлөлт болон карт ашиглалтад хяналт, шалгалт хийх ажил хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байна.

Уг хамтарсан шалгалтын үр дүнд зорчигчийн хөлс төлөлт болон карт ашиглалттай холбоотой зөрчлийг арилгах, хууль эрхзүйн орчны хэрэгжилтийг хангах, цаашид авах арга хэмжээ болон үйл ажиллагааны төлөвлөлтийг тогтоох улмаар нийтийн тээврийн үйлчилгээний орлогын алдагдлыг бууруулах, шугамын орлогыг нэмэгдүүлэх боломжит хувилбаруудыг боловсруулах аж.

Та бүхэнд хамтарсан хяналт, шалгалтын талаарх зарим албаны хүмүүс болон иргэдийн хэлсэн үгнээс сийрүүлэн хүргэж байна.

Д.Наранжаргал /Сити Баз Консалтинг ХХК-ийн ХШЗБХ-ийн ахлах мэргэжилтэн/
Манай компаний 200 гаруй хяналт, шалгалтын ажилтнууд одоогоор 60 гаруй чиглэлийн 600-аад автобус болон 700 орчим автобус зогсоолуудад хуваарьт төлөвлөгөөний дагуу хяналт, шалгалт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтын ажилтнууд зорчигчийн хөлс төлөлт, карт ашиглалт, карт цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагаа, буух суух карт унших болон буудал зарлах төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, жолоочийн зөрчил сул зогсолт, зорчигчийг авахгүй, буудал дээр зогсохгүй гэх мэт нийтийн тээврийн үйлчилгээний бүхий л үйл ажиллагаанд хяналт тавин, зөрчил мэдээллийг бүртгэлжүүлэн нилээдгүй ачаалалттай ажилладаг.

Шин Дун Ү /Улаанбаатар смарт карт ХХК-ийн Ерөнхий захирал/
Хамтарсан хяналт, шалгалтын ажлыг одоогийн байдлаар ачаалал ихтэй 20 автобус зогсоолууд дээр явуулж байна. Цаашид хамтарсан хяналт шалгалтын хүрээг өргөжүүлж, гарч буй зөрчил дутагдлыг арилгах, нийтийн тээврийн ухаалаг системийг улам бүр боловсонгуй болгох, иргэдэд хүртээмжтэй болгох тал дээр анхаарч ажиллах болно. Энэ хамтын ажиллагааны ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа тэрээр мөн илэрхийлсэн юм.

Т.Түмэнжаргал /Сити Баз Консалтинг ХХК-ийн шалгагч /
Иргэдийн өөрийн ухамсар, хариуцлага чухал үүрэгтэй. Нэг үеэ бодвол таны гэрийн аль эсвэл ажлынхаа ойролцоох карт цэнэглэх цэгээр үйлчлүүлэх боломжтой болчихсон. Түүнчлэн карт цэнэглэх пос машин, хаан банкны картаараа зорчих, хязгааргүй сарын картууд гэх мэт олон төрлийн боломжуудтай болсон.

Д.Одгэрэл /зорчигч-СХД-ийн 21 хорооллын буудал /
Цэнхэр хантаазтай хүмүүсийг хараад “картаа цэнэглэе” гэж шууд санадаг болсон байна лээ (инээв). Картаараа зорчих нь илүү хялбар, дамжин суух нь маш их таалагддаг. Боломжтой үедээ сарын хэрэглээгээрээ картаа цэнэглээд байвал санаа зовох зүйлгүй амар байдаг гэв.

Их хотын соёлтой иргэн та үүргээ ухамсарлан Хотын соёлд нэгдэн дүрэм, журмынхаа дагуу #Нийтийн тээврээр #U_money картаараа зорчихыг уриалж байна.