2020 оны байдлаар Улсын хэмжээнд 106.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Арван найм, түүнээс дээш насны нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 31.2 хувь ажилтай гэж бүртгэгдсэн ба эдгээр хүмүүсийг ажил эрхлэлтийн байдлаар нь үзэхэд 47.3 хувь нь өрхийн ААН-ийн үйл ажиллагаа эрхлэгч /хувиараа хөдөлмөр эрхлэгч/, 23.9 хувь нь байнгын ажиллагч, 13.0 хувь нь цалин хөлстэй түр ажиллагч нар байна.

Өнөөдөр зочны буландаа хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлөөлөл Сити Баз Консалтинг ХХК-ийн шалгагч Т.Түмэнжаргалтай ярилцлаа.

Сайн байна уу? Та өөрийнхөө талаар танилцуулна уу?

Намайг Туяагийн Түмэнжаргал гэдэг. УБ хотод төрсөн. Ам бүл 4. Хүнсний технологич мэргэжилтэй.

Таны ажил, мэргэжлийн талаар?

Нийслэлийн Ерөнхий боловсролын 60 дугаар дунд сургуульд наймдугаар анги төгссөн, 1999 онд хүнсний технологич мэргэжлээр 2 жил суралцаад төгссөнийхөө дараа “Бамбууш” ХХК-иас ажлын анхны гараагаа эхэлж байсан. Яг үнэндээ мэргэжлээрээ ганц жил ажилласан. Манай ажлын хажууд Автобус тээвэр-I /одоогийн Зорчигч тээвэр-1 ОНӨААҮГ/ бааз байрладаг өглөө бүр эрт 5, 6 цаг гээд л хүмүүс цуглаад яриа хөөр, инээдэм болсон уулзалтын дараа бүгд ажилдаа гардгийг хараад нэг тийм гоё мэдрэмж төрдөг байсан. Тэгээд өөрийнхөө сонирхлын дагуу анх 2001 онд Зорчигч тээвэр-1 нэгтгэлд ажилд ороод, эрүүл мэндийн шалтгаанаар 5 жил гаруй хугацаанд ажлаас завсардаж байсныг эс тооцвол нийтийн тээврийн салбарт 20 гаруй жил ажилласан байна.

Та эрүүл мэндийн шалтгаанаар ажил завсардсан гэж байна. Энэ талаар илүү тодруулж болох уу?

Би төрөлхийн тулгуур эрхтний буюу түнхний бэрхшээлтэй хоёр ч удаа хагалгаанд орж байсан. Гэсэн ч бусадтай л адил ажил хөдөлмөр эрхлээд л явдаг байсан. Харин 2006 онд дэлүүний хорт хавдартай хэмээн оношлогдож, хагалгаанд орон түр хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан.

Та одоо эрхэлж буй ажлынхаа талаар товч танилцуулна уу? Онцлог?

Нийтийн тээвэр үйлчилгээний чанар, стандарт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьдаг “Сити Баз Консалтинг” ХХК-д 2017 оны 09 дүгээр сараас одоог хүртэл шалгагчаар ажиллаж байна.

Тодруулга: Шалгагч гэж яг юу хийдэг хүн бэ?

2015 оноос Нийтийн тээвэрт цахим удирдлага, төлбөрийн системийг нэвтрүүлж, бидний хэлж сурснаар кондуктар буюу мөнгө хураагчгүй болж оронд нь шинээр нэвтрүүлж буй цахим картыг иргэдэд мэдүүлж, хэрэглүүлж, хэвшүүлж сургах зорилгоор шалгагч гэх хүмүүсийг ажиллуулж эхэлсэн. Яг ч цоо шинэ ажлын байр биш л дээ. Өмнө ч гэсэн зорчигчдын тасалбар шалгалт гээд хүмүүс явдаг байсан.

Шалгагч нарын ажил өглөө 06:30 цагаас эхэлдэг. Бид нарын үндсэн ажлын байр бол автобус, автобусны буудал байдаг./инээв/ Ерөнхийдөө шалгагч хүн нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандарт, зорчигчийн хөлс төлөлт, цахим карт ашиглалтад хяналт тавин бүртгэлжүүлэх, мэдээлэх, зөрчил дутагдлыг арилгах, таслан зогсоох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Манай компаний шалгагч нарын хувьд хамгийн эхлээд карт цэнэглэх цэг хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэх, карт унших, буудал зарлагч төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн мэдээллийг төвийн мэдээллийн ажилтанд мэдээлэхээс эхэлдэг. Өдөр тутамдаа зорчигчдын хөлс төлөлттэй холбоотой бэлэн мөнгөөр зорчсон, үлдэгдэл хүрэлцэхгүй, хөлс төлөөгүй, картын зөрчлийн мэдээ болон жолоочийн бэлэн мөнгө авсан, тамхи татах, утсаар ярих, сул зогсолт, буудал алгасах зэрэг зөрчлийн мэдээнүүдийг баримтжуулах, бүртгэл хөтлөх, мэдээлэх,  иргэдэд цахим картаар зорчих талаар мэдээлэл зөвлөмж өгөх зэргээс гадна коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах үйл ажиллагааны хүрээнд өөрсдийн аюулгүй байдлыг сахин, зорчигч, жолооч нарыг маск зүүх, автобусанд гар аритгагч байгаа эсэх, автобусны цэвэрлээгээ үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна.

Ерөнхийдөө нийтийн тээвэр өөрөө их ачаалалтай салбар. Өглөө, үдэшгүй явдаг ардын унаа шүү дээ. Нийтийн тээврийн салбарт ажилладаг хүмүүс ялангуяа тэргүүн фронтын жолооч, шалгагч гэх хүмүүс ер нь сайн хэлэгдэх нь тун ховор шүү.  

Шалгагч хүн юу хийдэг талаар ямар ч ойлголтгүй надад маш ойлгомжтой тайлбарлаж өгсөнд баярлалаа. Таны бодлоор манай улсын ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн байдал ямар байна вэ?

Миний бодлоор манайд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэх ажлын байрны төрөл, хүртээмж тун цөөн. Тиймдээ ч ихэнх ХБИ гэрээрээ буюу хувиараа хөдөлмөр эрхлэх нь түгээмэл, цөөн хэдэн тооны хүмүүс л байнгын ажлын байраар хангагдан ажиллаж байна. Мэдээж ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй байна вэ? гэдгээсээ шалтгаалах байх. Миний хувьд тулгуур эрхтний бэрхшээлтэй ч тодорхой хэмжээнд өөрийгөө илэрхийлээд нийгмийн харилцаанд оролцоод явах боломжтой гэж боддог.  Манай компанид миний мэдэх харааны, сонсголын гээд 10 гаруй ХБИ, мөн өрх толгойлсон олон эхчүүд ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй ажилчддаа компани хөдөлмөрийн хуулийн дагуу богиносгосон цагийн хуваариар ажиллуулдаг. Ажлаасаа 2 цагийн өмнө тарахаар олон ажил амжуулдаг. Мөн дээр нь байнгын ажлын байртай, тогтмол орлоготой, эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжтой, хамт олон, гэр бүл, нийгэмдээ үнэ цэнэтэй, хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх мэдээж сайхан шүү дээ.

Дашрамд хэлэхэд Сити Баз Консалтинг ХХК-ний удирдлага, хамт олондоо талархснаа илэрхийлмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж, хөнгөлөлт урамшуулал олгох тал дээр анхаарал хандуулж ажилладаг хариуцлагатай, ажилч хичээнгүй хамт олон.

Таны эрхэлж байгаа ажилтай холбогдуулан нэг зүйл асууж болох уу?.

Тэгэлгүй яахав.

Нийтийн тээвэр цахим удирдлагын систем болон төлбөрийн системд шилжээд багагүй хугацаа өнгөрчээ. Иргэдийн цахим карт ашиглалтын талаар та өөрийнхөө санал, бодлыг бидэнтэй хуваалцана уу?

За, Нийтийн тээврийн цахим удирдлага болон төлбөрийн системд шилжээд 5 жил өнгөрчихсөн байна. Анхан үеэ бодвол миний хувьд нийслэлчүүдийн 80-90% нь U_monеу цахим карттай, тодорхой хэмжээнд мэддэг, хэрэглэдэг болсон байна.

Цоо шинэ зүйлийг өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх, нутагшуулах амаргүй ажил. Хэдий тийм ч бага багаар үйл ажиллагаа нь сайжирч байна. Өнөөдөр 600 гаруй карт цэнэглэх цэгүүд Нийслэлийн 1.4 сая  орчим хүн амд үйлчилж байна тийм ч бага тоо биш. Мөн дээр нь банкны карт, гар утасны сим картаа ашиглан зорчих хүртэл боломжтой болсон байна.

Ерөнхийдөө иргэдэд цахим картыг тогтмол хэрэглүүлж , хэвшүүлэх ажлыг 100% гэж тооцоход 95% нь иргэдийн өөрийн ухамсраас шалтгаална гэж хэлмээр байна. Автобус буудал дээр цэнэглэх цэг ажиллаж байхад мөнгөгүй картаа бариад 500 төгрөгөө нууж ороод жолоочид өгөөд зорчдог байх жишээтэй. Бэлэн мөнгөний зөрчилтэй хүмүүсийг буулгаад картаа цэнэглээд зорчих шаардлага тавьсан шалгагч нарыг иргэд хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, бүр биед нь халдах тохиолдлууд ч цөөнгүй гардаг.

“Сити Баз Консалтинг” ХХК-ийн 83031111 дуудлагын утсанд иргэдийн санал гомдлын ихэнхийг цэнэглэх цэг өглөө эрт онгойдоггүй талаар мэдээлсэн байна. Энэ талаар?

Өнөөдрийн байдлаар нийт 900 гаруй автобус зогсоолууд байгаа болов уу сайн нарийн тоог нь санахгүй байна. “УБ смарт” ХХК-тай гэрээтэй хувь хүн, ААНБ-уудын дэлгүүр, түц, сонин боруулах цэг, худалдааны төв, 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан карт цэнэглэх цэгүүд ажиллаж байгаа учир өөрийн хувийн дэлгүүр, түцээ дуртай үедээ онгойлгож, хаах жишээ олныг дурьдаж болох ч ярилцлагын цаг хүрэхгүй байх, хаа хаанаа ажлын хариуцлагын л асуудал байгаа юм.

Тэгэхээр иргэдийг картаараа тогтмол зорчдог болох дадал хэвшлийг бий болгохын тулд тэдний ухамсартай ажиллах нь гэж ойлголоо.

Тэр л хамгийн зөв алхам гэж харж байна. Манай нэг төмөр замд ажилладаг найз байдаг. Өглөө, орой гэр ажлын хооронд өдөрт 2 удаа нийтийн тээврийн тус бүр 500 төг гээд 1000 төгрөгөөр үйлчлүүлдэг. Сард ажлын 21-22 хоног амралтын зарим өдөр гадуур зорчино гэж тооцоод сарын эхэн боллоо 25000 төгрөгөөр картаа цэнэглэчихдэг. Тэр хүнд карт цэнэглэх цэг хайх, 500 төгрөг тааруулах ямар ч шаардлага гарахгүй ийм л хялбар, хэмнэлттэй, цаг хугацаа хэмнэж чадаж байгаа юм. Ийм л дадал хэвшлийг манайхан өөртөө суулгачих юм бол хаа хаанаа амар л байх болов уу.

Бусад боломжуудын талаар?  

Мэдээж, Нийтийн тээврийн үйлчилгээ цаашдаа тодорхой үе шаттай хөгжөөд явна тэр бол тодорхой. Миний бодлоор цахим картын хэрэглээнд нэвтрүүлж, хэвшүүлэхийн тулд:Цэцэрлэгийн өмнөх нас, ЕБС-ийн хүүхдүүдэд бага ангиас нь эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ, хэрхэн зорчих, автотээврийн тухай хууль, дүрэм журмын талаар хичээл орох нь зүйтэй. Цахим төлбөрийн системд шилжсэнээр ЕБС-ийн сурагчид карт дарна гэсэн ойлголт байхгүй болсон. Урьд кондуктар гэж хүн байхад чимхүүлнэ бүгд 200 төгрөгөө бэлдчисхэн ороод ирдэг байсан. Тиймээс багаас нь ийм дадал, хэвшлийг сургах, төлөвшүүлэх хэрэгтэй. Жишээ нь “цагаан шугам, ногоон гэрэл” замын хөдөлгөөний дүрмийг таниулах зорилготой уралдааныг хүүхэд багачуудын дунд зохион байгуулагддаг болсноос хойш одоо хүүхдүүд томчуудаас илүү явган зорчигчийн дүрмийг мэдэж, баримталж байна.

Бас нэг зүйл нь албан байгууллагуудтай хамтран нийтийн тээврээр зорчдог ажилчдын судалгааг гарган хоолны талон өгөөд цалингаас нь суутгадагтай адил сар бүрийн эхэнд автоматаар автобус картыг нь цэнэглэдэг үйлчилгээг нэвтрүүлэх бас л нэг хувилбар.

Сүүлийн асуулт, Таны ажлаараа ямар үед хамгийн их бахархаж байсан бэ?

Нэг өдөр охиноо сургуулиас нь аваад явж байтал, бэлэн мөнгөтэй хүн автобусанд ороод ирэхээр нь миний дүү бэлэн мөнгөөр зорчихгүй буугаад картаа цэнэглээд зорчоорой гэхэд за гээд тэр хүн буугаад явсан. Дараа нь охин гэрт ирээд аавдаа “Манай ээж чинь автобусны дарга юм байна” гэж хэлэхийг сонсоод тэр үед ажлаасаа  их урам зоригыг авч билээ. /инээв/

Миний асууж амжаагүй, орхигдуулсан, таны хэлэхийг хүссэн санал, сэтгэгдэл байвал хуваалцаач?

Бид бүгд тохилог, дулаахан, цэвэр цэмцгэр автобусанд суугаад аюул осолгүй, хурдан шуурхай зорчихыг хүсдэг нь ойлгомжтой.

Энэ бүхэн нийтийн тээврээр зорчихдоо та смарт картаар тогтмол хэрэглэх, хүмүүс бие биенхийхээ хийж буй ажилд бага ч болтугай хүндэтгэлтэй хандах энгийн зүйлээс л эхлэх байх гэж  боддог доо.

Шинэ, шинэчлэл бүхний эхлэл амаргүй байдагтай адил нийтийн тээвэрт шинэ соёлыг түгээхээр ажиллаж буй таньд  болон танай хамт олонд цаашдын ажил, амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа.

Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.