Нийслэлийн нийтийн тээвэр үйлчилгээний ААНБ-уудын мэргэжилтэн, хяналтын ажилтан, шалгагч нарын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгуулав.

Энэхүү сургалтад НТҮГ-ын Тээврийн хяналтын хэлтсийн дарга З.Цэвээндорж, мэргэжилтэн, авто тээврийн хяналтын байцаагч, “УБ смарт карт” ХХК-ийн Хэрэглэгчийн Үйлчилгээний хэлтсийн дарга Н.Оюунцэцэг, Сити Баз консалтинг ХХК-ийн хяналт, шалгалт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Баатаржав, Зорчигч тээврийн нэгтгэл, Зорчигч тээвэр-3 баазын мэргэжилтэн, хяналтын ажилтан, шалгагч  нарын төлөөлөл нийт 50 гаруй хүн оролцжээ.

НТҮГ-ын хэлстийн дарга З.Цэвээндорж хэлэхдээ “2015 оноос хойш УБ хотын нийтийн тээвэр үйлчилгээнд УМЦТС-ийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан кондуктарын оронд шалгагч гэх ажлын байр бий болсон. Өнөөг хүртэл шалгагчийн ажлын байрны тодорхойлолт, эрх зүйн байдал тодорхойгүй явж ирсэн. Тиймээс “шалгагч” гэж юу хийх ёстой, ямар мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой, ямар үүрэгтэй ажиллах ёстой талаар тодорхой мэдлэг ойлголт өгч, чиглүүлэхэд сургалтын зорилго оршиж байгааг онцлоод цаашид энэхүү сургалтыг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААНБ-ууд дээр шат дараатай зохион байгуулах ба хамгийн эхний сургалтыг “Сити Баз Консалтинг” ХХК-тай хамтран зохион байгуулж байна” гэв.

Сургалтын хөтөлбөрийн дагуу УБ смарт карт компаниас цахим картын хэрэглээг нэмэгдүүлэх, хэвшүүлэх талаар хийж хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл, НТҮГ-аас Харилцаа, хандлага, ёс зүй, Нийтийн тээврийн 70044040 дуудлагын утсанд ирж гомдол санал, зөрчлийн талаарх илтгэл, мэдээллийг хийж төгсгөлд нь  оролцогчдын ажлын ур чадварыг шалгасан асуулт, хариултын сорил авч, онол практик хосолсон, үр өгөөжтэй сургалт болж өндөрлөсөн талаар албаныхан мэдээлэв.

СИТИ БАЗ КОНСАЛТИНГ ХХК

Хэвлэлийн алба