Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд тавих хяналтыг сайжруулах, хууль, журмыг олон нийтэд таниулах, мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор  холбогдох газрууд нэгдсэн шалгалт хийж байгаа билээ.  Тус шалгалттай холбоотойгоор смарт карт борлуулдаг гэрээт цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, тааруу ажиллаж байгаа цэгүүдийг илүү сайн ажилладаг ТҮЦ, дэлгүүр рүү шилжүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 538 карт борлуулах, цэнэглэх гэрээт цэг ажиллаж байна. Мөн Улаанбаатар смарт карт ХХК-ийн зүгээс автобусны буудлын ойролцоох ТҮЦ, дэлгүүр, сонин борлуулах цэгүүдтэй хамтарч ажиллахаас гадна цэнэглэлтийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 24 цагаар ажилладаг Circle K, CU сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэснээр зорчигчид 24 цагийн туршид картаа цэнэглүүлэх боломжтой болжээ.