Хятадын Шэньжэнь дэлхийн хамгийн олон “Цахилгаан автобус”-тай хот

Эдийн засаг, бизнесийн мэдээллүүдээрээ дэлхийд тэргүүлэгч “Bloomberg” телевиз 2018 онд олон чухал сэдвүүдээр судалгаа хийснээ олон нийтэд танилцуулжээ. “Агаарын бохирдолгүй эко хот болох зорилт” хэмээх сэдэвт Хятадын Шэньжэнь хот дэлхийн том хотуудыг манлайлсан байна. Нийтийн тээврийн автобуснуудаа цахилгаан болгож чадсан Шэньжень хот агаарын бохирдлоо хамгийн өндөр хувиар багасгасан аж. Мөн Шэньжэнь хот дэлхий дээрх хамгийн олон цахилгаан автобустай хотоор тодорчээ.

2018 оны 12-р сарын 27-ны байдлаар Шэньжэнь хотын нийтийн тээвэрт 16359 цахилгаан автобус явж байна. Энэ тоо дэлхийн том 5 хотын нийтийн тээвэрт явдаг цахилгаан автобуснуудын нийлбэр дүнгээс илүү гарчээ. АНУ-ын Нью-Йорк хотод 5773, Лос-Анжелест 2328, Нью Жерсид 2212, Чикагод 2164, Канадын Торонто хотод 1926 цахилгаан автобус нийтийн тээвэрт үйлчилж байна.

2009 онд Хятадын засгийн газраас цахилгаан нийтийн тээвэр бүхий үлгэр жишээ хот байгуулах төсөл зарлажээ. Энэхүү төсөлд манай өмнөд хөршийн 13 хот өрсөлдөж, Шэньжэнь хот ялалт байгуулсан юм. Цахилгаан автобуснуудтай болсноор Шэньжэнь хот жилд 345 мянган тонн шатахуун хэмнэж, агаар ялгаруулах нүүрсхүчлийн хийг 1 сая 350 мянган тонноор багасгаж чадсан байна.

Мөн Шэньжэнь хот таксинуудаа цахилгаан болгох ажлыг эхлүүлж, одоогоор 62,5 хувь буюу 12518 такси шатахууны хэрэглээнээс татгалзжээ. Шэньжэнь хот 2020 он гэхэд бүх таксигаа цахилгаан болгоно. Өнгөрсөн жилийн байдлаар Шэньжэнь хотын цахилгаан таксинууд 116 мянган тонн шатахуун хэмнэж, 454 мянган тонн нүүрс хүчлийн хийг агаарт ялгарах аюулаас сэргийлжээ.

“Цахилгаан нийтийн тээвэр”-тээ болох дэлхийн том хотуудын жишээг манай улс дагах нь зөв болов уу. Өнгөрсөн онд Монгол улс 195 мянган ам доллар буюу 520 сая төгрөгийн өртгөөр эх орондоо цахилгаан автобус үйлдвэрлэсэн. Хэдийгээр цахилгаан автобусны үнэ өндөр байгаа ч, ашиглалтын хугацаанд зардлаа нөхөж чадна. Одоо нийтийн тээвэрт явж байгаа нэг автобус жилд 45 сая төгрөгний шатахуун хэрэглэдэг бол цахилгаан автобус жилд 6 сая 600 мянган төгрөгний үнэ бүхий цахилгаан хэрэглэх тооцоо бий. Мөн дээр нь агаарт ялгаруулах хорт бодисын хэмжээг бууруулах боломжтой. Иймээс нийслэл хот нийтийн тээврээ “цахилгаан автобус”-аар солих ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна.