Автобусны “билет шалгагч”-ийн хүүгээс дэлхийн од Жет Ли

Дэлхийн шилдэг жүжигчдийн нэг бидний сайн мэдэх Жет Ли буюу Ли Лианжи 1974 онд Америкийн нэгдсэн улсад “У шу”-ийн үзүүлэн тоглолт хийхээр очих үедээ Нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсоны “Чи том болоод хэн нэгний хамгаалагч болох уу” гэсэн асуултанд “Би ганц хүний хамгаалагч баймааргүй байна. Нэг тэрбум үндэстнийхээ хамгаалагч, хайртай хүн болмоор байна” хэмээн амыг нь таглаж байжээ. 11 настай хүүгийн энэ үг түүнийг “Хятадын бахархалт” хүү болгосон бөгөөд түүнээс өмнө Жет Ли ээжийнхээ “хамгаалагч” болох хүсэлтэй байжээ.

2 настай байхад нь аав нь тэнгэрт хальсний дараагаар түүний ээж 5 хүүхдээ өлсгөхгүй, дааруулахгүй өсгөх хариуцлагатай нүүр тулж, автобусны “билет шалгагч”-ийн ажлыг хийж, өдөр бүр л мөнгөө төлөх сонирхолгүй зорчигчдод элдвээр хэлүүлж, зарим үедээ зодуулж ирдэг байсан нь түүний бие хамгаалах урлагаар хичээллэх нэгэн том шалтгаан болжээ. Нөр их бэлтгэл сургуулилтынхаа ачаар “У шу”-ийн мастер хэмээх цолыг хүртэж, 18 насандаа дэлгэцийн урлагт хүч сорьсон Жет Ли ээжийнхээ хамгаалагч, дэлхий нийтийн хайртай нэгэн болжээ.