Сөүл хотын автобусны буудлуудад байрлах гар утас цэнэглэгч төхөөрөмжүүдийн 40 хувь нь ажиллахгүй байгаад иргэд бухимдалтай байна

БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас иргэдийнхээ тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор суурилуулсан нарны эрчим хүчээр гар утас цэнэглэгч төхөөрөмжүүдийн 40 гаруй хувь нь ажиллахгүй байгаад иргэд бухимдалтай байгаа гэнэ. Улсаас төсөв мөнгө ихээр гарган зарцуулж хийсэн зүйлсийнхээ арчилгаа, хадгалалтанд хариуцлагагүй хандаж байгаад иргэд ийнхүү таагүй хандлагатай байгаа аж. Сөүл хотын автобусны буудлын нарны эрчим хүчээр гар утас цэнэглэгч төхөөрөмжийн зардалд нийт 91 сая вон зарцуулжээ.

Хэдий өндөр өртгөөр хийсэн ч, өдөр бүр эдгээр цэнэглэгчийг ашигладаг иргэд тун сайшаалтай “ажил” хэмээн өнгөрсөн онд дүгнэжээ. Цэнэг дууссан, батерей цэнэглэгчгүй, яарсан үед тун хэрэгтэй байгаа талаар иргэд ам сайтай байгаа ч, зарим цэнэглэгч төхөөрөмж эвдэрсэнд сэтгэл дундуур байгаа юм.

Гэхдээ зарим иргэд эдгээр цэнэглэгчид шаардлагатай үгүйг хэлж мэдэхгүй байгаагаа хэлжээ. Учир нь автобус хүлээх хугацаа 5-10 минут байдаг. Энэ хугацаанд ажилладаг, ажилладаггүй нь мэдэгдэхгүй цэнэглэгчийг хэрэглэхэд маш төвөгтэй байдаг гэжээ.