Хьюндэй компани устөрөгчөөр ажилладаг 30 автобусаа Сөүл тэргүүтэй 6 хотод нийлүүлэхээр болов

Дэлхийд тэргүүлэгч гүрнүүд утаа гаргадаг, хүрээлэн буй орчныг бохирдуулдаг, шатахуунаар явдаг тээврийн хэрэгсэлүүдээс татгалзаад байгаа билээ. Нийтийн тээврийн хэрэгсэл, зарим хувийн унаагаа цахилгаан болгоод байгаагийн зэрэгцээ устөрөгчөөр ажилладаг машин, автобусыг хэрэглэж эхлээд байна.

Тэгвэл Солонгосын автомашины тэргүүлэгч компаниудын нэг Хьюндэй устөрөгчөөр ажилладаг машины үйлдвэрлэлээ эрчимжүүлж, улмаар энэ онд Сөүл тэргүүтэй 6 хотод 30 автобус нийлүүлэхээр боллоо. 5-р сараас эхлэн Хьюндэй автобуснуудаа нийлүүлж эхлэх бөгөөд Сөүл хот 7 автобус авахаар болжээ.

Эдгээр автобус бүгд устөрөгчөөр ажиллах бөгөөд нэг удаа цэнэглээд 317 км замыг туулах юм байна. “HyNet” нэртэй энэхүү автобус нь 92 км/цаг хүртэл хурдлах чадвартайгаас гадна 200Кв цахилгаан үүсгэх боломжтой аж.

Мөн Хьюндэй компани 135 сая ам долларын өртгөөр нийт 13 цэнэглэх станцийг байгуулах ажлыг хийжээ. Хьюндэй компани өөрийн орноос гадна 2024 он хүртэл Европын зах зээлд 1000 ширхэг устөрөгчөөр ажилладаг автобус нийлүүлэх том гэрээг байгуулаад байгаа юм байна.