Метронд суусан мэт мэдрэмж төрүүлэхүйц цахилгаан автобусыг үйлчилгээнд нэвтрүүлжээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Күүкмин их сургуулийн Шичон-Кундог метроны буудлын чиглэл өнгөрсөн оны 11-р сараас эхлэн цахилгаан автобусаар үйлчилж эхэлсэн байна. 29 жилийн өмнө байгуулагдсан энэхүү чиглэлийг 1711 дугаартай автобусаар нь олонхи зорчигчид мэддэг аж. Өмнө нь энгийн шатахуун хэрэглэдэг ногоон өнгийг автобус явдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн энэ чиглэлд “Метронд суусан мэт мэдрэмж төрүүлэхүйц цахилгаан автобус” явдаг болжээ. Энэхүү автобус нь яг л метронд суусан юм шиг ямар ч чичирхийлэл чимээ байхгүй бөгөөд бусад автобусыг бодвол дуу чимээ бага юм байна.

Сөүл хотын захиргаанаас утаа, тоосжилт зэрэг агаар бохирдуулагч бодисыг багасгах бодлогын хүрээнд энэхүү ажлыг хийжээ. Солонгосын Hyundai Motor Co. болон Edison Motors Co. компаниудаас 19, Хятадын Higer Bus Co. компаниас 10 нийт 29 автобусыг авч, 1711 чиглэлд явуулсан байна. Дэлхийн том хотуудын жишгээр Сөүл 2025 он гэхэд 3000 цахилгаан автобустай болох төлөвлөгөөг гаргажээ.